Манайхан ч мэддэг хэдэн спортоо л магтан сайшаах дуртай улс даа. Үндэсний
бөхөөр начин цол хүртвэл нутаг усаараа баярлаж, байдгаа бариад гүйх нь холгүй. Гэтэл
цаана чинь 76 настай мөртлөө дэлхийн рекордыг 76 удаа шинэчлэн тогтоож, Ази
тивийн рекортыг 18 удаа тогтоосон анхаарлын гадна аж төрж байна.
Түүнийг Бямбын Цэгмэд гэдэг. Амьдралынхаа 60 гаруй жилийг хүндийн өргөлтийн
спортод зориулж, хөдөлмөрлөж ирсэн. Энэ хугацаанд Монгол Улсын спортын наадмын
5, улсын 6, ахмадын 23 удаагийн аварга болж, мөн тив дэлхийн рекордуудыг
шинэчлэн тогтоосоор ирсэн байна.
Мөн дэлхийн мастеруудын 1 удаагийн, дэлхийн цомын 6 удаагийн үнэмлэхүй
аварга болж байжээ. Гэвч бид дуулсангүй, сонсонгүй. Харин буурай минь их
спортоо орхилгүй хичээллэсээр энэ сард ОХУ-ын Курск хотод болсон Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнд оролцож, аваргын цомын эзэн болсон байна. Гэвч энэ үеэр
харамсалтай явдал тохиож, нуруу болон өвдгөндөө бэртэл авч, цаашид хүндийн
өргөлтөөр хичээллэх, тэмцээн уралдаанд оролцох боломжгүй болоод байгаа аж. Энэ
олон жил Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөж, өөрийн насыг ч үл тоон
хичээллэж, амжилт гаргаж байсан түүнийг төр засаг одоо харж үзэх цаг болсон
байх гэж бодон энэхүү нийтлэлийг бичлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч өө, төр
засгийн удирдлагууд аа. Та бүгдийн хайр хишиг 60 гаруй жил нэг спортоор
хичээллэж, Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа энэ буурайд л хэрэгтэй
байна.