Нийслэлийн Засаг даргын ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Энхтөр өнөөдөр БНСУ-ын Намъянжү хотын хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Улаанбаатар Намъянжу хотуудын найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй хүүхэд солилцооны хөтөлбөрт энэ жил 11 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд өчигдөр орой Улаанбаатар хотод ирсэн юм. Засаг даргын орлогч Д.Энхтөр, хүүхдүүдийг Улаанбаатар хотод тавтай морилохыг уриад \”Тодорхой хугацаанд Монгол орны соёл, уламжлал, цаг агаар, үзэсгэлэнт байгальтай танилцуулах боломжийг энэхүү хөтөлбөр Та бүхэнд олгож байгаа юм. Тиймээс төлөвлөсөн хөтөлбөртөө сайн хамрагдаж, очоод үе тэнгийнхэндээ Монгол орныг сайн сурталчлаарай” гэлээ. Хүүхдүүд Улаанбаатар хотод 7 хонож, нийслэлийн онцлог бөгөөд түүхэн дурсгалт газруудтай танилцах юм байна. Уулзалтад НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, Намъянжу хотын Атлетик, залуучуудын төлөөх хэлтсийн дарга Чарльз Ү нар байлцлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.