АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн уулзалт харилцан ойлголцлын зарчимд өрнөж, хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Вашингтон дахь ОХУ-ын Элчин сайдын яаманд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
“АНУ-ын дотоод нөхцөл байдлыг бид ойлгож байгаа бөгөөд талууд үр дүнд хүрэх боломжтой салбаруудад ажиллах сонирхолтой байна. Тухайлбал, Стратегийн довтолгооны зэвсэглэлийг бууруулах тухай гэрээг сунгах хувилбаруудыг АНУ-д санал болгосон” хэмээн тэрбээр хэлжээ. Гэрээг сунгахад бэлэн байгаагаа С.Лавров батлан мэдэгдсэн байна.
Түүнчлэн Персийн булан дахь хямралыг даамжруулахгүй байх алхмуудыг авч хэрэгжүүлэх, Ираны эрх баригчидтай байгуулсан гэрээнээс АНУ гарсантай холбоотой асуудал хийгээд БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний асуудлыг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Ерөнхийлөгчтэй хэлэлцжээ.
Д.Трампын хувьд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хийсэн уулзалтаа “маш сайн” болсон хэмээн үзэж байгаагаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. “Бид Иран, БНАСАУ болон цөмийн зэвсэглэлд хяналт тавих, сонгуульд хөндлөнгөөс оролцохтой холбоотой асуудал гээд олон зүйлийг хэлэлцлээ. Ойрын хугацаанд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэж найдаж байна” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.
Мөн уулзалтын үеэр С.Лавровт “АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулсан” гэж Цагаан ордон мэдэгдсэн бол ийм анхааруулга өгөөгүй хэмээн Сергей Лавров Вашингтонд хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдээд байгаа юм.