Сингапурын Засгийн газар тус улс дахь зика вирүсийн халдвар авсан хүний тоо эрс нэмэгдэж, 41 болсон тухай олон нийтэд мэдээлжээ. Цаашдаа ч зика вирүсээр өвчилсөн хүний тоо нэмэгдэж болзошгүй байгааг мөн анхааруулсан байна. Энэхүү вирүс нь жирэмсэн эмэгтэйд халдсан тохиолдолд ургийн гажиг үүсгэдэгээрээ аюултай аж.
Өмнө нь Сингапурын Засгийн газар зика вирүсийн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлж байсан ч, энэ мэдэгдлээс ердөө нэг хоногийн дараа халдвартай хүний тоо 41 болж нэмэгдсэн байна.
Тус улсын анхны зика вирүсийн халдвар авсан нь батлагдсан өвчтөн 47 настай эмэгтэй байжээ. Гэвч халдвартай хүний тоо дахин 40-өөр нэмэгдсэн бөгөөд тэдний тал нь тус эмэгтэйтэй барилга дээр хамт ажилладаг гадаадын ажилчид байсан гэнэ. Тэдний 34-ийнх нь биеийн байдал сайжирч, эдгэсэн бол үлдсэн долоо нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.