Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Ватикан Улсаас Монгол Улсыг хариуцсан Элчин сайд ноён Освальдо Падиллаг хүлээн авч уулзлаа. Ноён Освальдо Падилла Засаг даргад цаг гарган уулзаж байгаад талархаад, нийслэлийн Засаг даргаар томилогдсонд нь баяр хүргэлээ. Тэрээр \”Танд гэгээн ширээт пап ламын мэндчилгээг дамжуулах үүрэгтэй ирсэн. Монгол Ватизан улсууд эртний түүхэн харилцаатай. Монголын хаадтай харилцаж байсан түүхэн баримтууд манайд бий. 12 дугаар зуунд Гүег хааны Ромын папад бичсэн захианы хуулбарыг би авчирсан. Ватикан хэдийгээр жижигхэн улс ч гэсэн том хүсэл зорилготой. Бид хүмүүст хүрч, хүмүүсийн төлөө ажиллахдаа баяртай байдаг. Монгол хүмүүсийн сайн сайхан, хөгжлийн төлөө хамтран ажиллах боломж гаргаж өгдөг нийслэлийн удирдлагуудад талархаж байна. Манай пап \”Хүүхдийг багаас нь сургаж хүмүүжүүлэх ёстой” гэж хэлдэг. Бид Монгол хүүхдүүдийн төлөө, нийгмийн эмзэг бүлгийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө хамтран ажиллахдаа баяртай байх болно” гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд \”Манай хоёр улсын харилцаанд үнэхээр түүхэн улбаа бий. Ватиканы төлөөлөгчийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын иргэдийн төлөө, хүүхдүүдийн төлөө олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тус газрын харъяа 22 байгууллага нийслэл болон орон нутагт ажиллаж иргэдийн нийгмийн асуудалд тусалдаг. Цаашид бид илүү үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Би удахгүй нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа Асрамжийн газруудаар орж танилцах төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, намайг ажиллаж байгаа хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, шинэ төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Та бүхний өмнө бид үргэлж нээлттэй байх болно” гэлээ. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, Ватиканы төлөөлөгчийн газрын тэргүүн Венчислао Падилла, тус газрын гүйцэтгэх захирал О.Оюунгэрэл нар байлцлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.