Орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх \”Сум, баг бүрт хүрч үйлчилье” төслийн нээлт өчигдөр боллоо.
Аймгийн алслагдсан сум, багийн хүрч үйлчлэхэд бэрхшээлтэй, нийгмийн халамж шаардлагатай зорилтот бүлгийн хүн амд эрүүл мэнд, нийгмийн суурь үйлчилгээг цогцоор ойртуулан явуулын үйлчилгээг хүргэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь төслийн зорилго юм.
Төслөөр хүн амд тусламж үйлчилгээний багцыг хүргэх, нэн шаардлагатай нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах, салбар дундын хамтын ажиллагаа олон нийтийн оролцоог түшиглэх, тусламж үйлчилгээ хүргэх багийн үйл ажиллагаанд дэмжлэгт хяналтыг явуулах, хяналт үнэлгээг тогтмолжуулах замаар тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
Төслийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага санхүүжүүлэх бөгөөд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар ЭМЯ, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба, орон нутаг хэрэгжүүлэгч байгууллагаар аймгийн Эрүүл мэндийн газар, аймаг, сумдын ЗДТГ-ын даргаар ахлуулсан салбарын дундын ажлын хэсгүүд ажиллана.
\”Сум, баг бүрт хүрч үйлчилье” төсөл хэрэгжсэнээр зорилтот бүлгийн хүүхэд, эхчүүдэд хүрч үйлчлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ сайжирна, хүн амын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын цогц үйлчилгээ үзүүлэх чадавх болон эрүүл мэндийн тогтолцоог орон нутгийн түвшинд бэхжүүлэх механизм бүрэлдэнэ, дэмжлэгт хяналт хийгдэж зөвлөмж гаргана, салбар хоорондын хамтын ажиллагаа сайжирч, зорилтот бүлэгт тусламж үйлчилгээний хүртээмж, санхүүжилт нэмэгдэнэ гэсэн үр дүн гарах юм.