Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна.
Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн гурван удаагийн дуудлагаар ажиллалаа.
Тухайлбал, 2019 оны 12 дугаар сард Баян-Өлгий аймгийн Сагсай сум, “Даян” нууранд 10 тн тоосго ачиж явсан “Стивер” маркийн автомашин живсэнийг 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нуураас татаж гаргасан.
2020 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо иргэн Б-гийн жолоодож явсан “Кроун” загварын суудлын автомашин “Туул” голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагаар нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид ажиллаж, автомашиныг татан гаргасан.
Мөн нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Тэрэлжийн гүүр”-ний баруун талд иргэн Г-ын жолоодож явсан “Старекс” загварын суудлын автомашин “Туул” голын мөсөнд цөмөрсөн /10 зорчигчтой/ тухай дуудлагаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан, автомашиныг татан гаргасан.
Түүнчлэн манай орны ихэнх гол мөрөн нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч 2019 оны 11, 12 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1-5.3 градусаар дулаан байсантай холбоотойгоор гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.