Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы зүгээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах тухай саналыг нэгдүгээр сарын 16-нд УИХ-ын даргад хүргүүлсэн билээ.
Үүний дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн хэдий ч ирц гүйцэт хүрээгүй гэх шалтгаанаар хуралдааныг түр хойшлуулсан юм.
Тэгвэл хорооны зарим гишүүд томилолтоос ирсэнтэй холбогдуулан өнөөдөр /2020.01.24/ түр хороо дахин хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрээ гаргах гэж байна.
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах болсон асуудлыг гурван үндэслэлтэй бөгөөд энэ бүгд нь улсын нууцын зэрэглэлд хамаарч байгаа хэмээн тайлбарлаж мэдээлэл өгөөгүй юм.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ахалдаг бол бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ч.Улаан нар багтдаг юм.