Улсын онцгой комиссын анхдугаар хурлаар хэлэлцсэн асуудлын талаар Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Онцгой байдлын албаны техник тоног төхөөрөмжийн асуудал яригдаж байна. Жишээ нь, барилгын стандартад цахилгааны шугам нь галт тэсвэртэй бүрхэвчтэй байх ёстой. Мөн дохиолол, ус цацах систем, галд тэсвэртэй дулаалгын материал гэх мэтчилэн. Гэтэл өнгөрсөн хугацаанд аюулгүй байдлыг хангах зорилготой дээрх стандартуудыг мөрдлөг болгодог ажил огт байхгүй болсон.
Аливаа аюул ослоос урьдчилан сэргийлэхийн тулд стандартыг мөрдүүлж, төлөвлөгөөт хяналт шалгалт явуулдаг байх ёстой. Тиймээс Төр, иргэний хяналтын тухай хуулиар энэ байдал сэргэнэ гэж үзэж байна. Энэ хуулийг Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ.
Онцгой байдлын албаны техник тоног төхөөрөмж, алба хаагчдын хувцас хэрэгсэл үнэхээр дутмаг 41.6 хувьтай байгаа. Энэ нь улсын төсвөөс санхүүждэгтэй холбоотой.
Тиймээс Гамшгаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулж, санхүүжилтийг даатгал, аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай холбож байгаа.
Онцгой байдлын байгууллага санхүүгийн хувьд бие даасан байх эрх зүйн орчныг бий болгохгүй бол улсын төсвөөс санхүүжүүлэх хүндрэлтэй байна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн өөрчлөлтөөр санхүү, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэхийг зорьсон.
Ойрын хугацаанд нийт 5.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт онцгой байдлыг салбарт хийгдэнэ. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт оруулснаар техник хангамжийг 80 хувьд хүргэх боломжтой юм. Хэдийгээр улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа ч шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авна. Ингэхдээ зөвхөн улсын төсвөөс бус хувийн хэвшлүүдтэй хамтраад шийдэх боломжтой гэж үзэж байгаа.
5.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын хүрээнд урт сунадаг шаттай хоёр машин авна. Сошиалд их гоё машины зургууд байна билээ. Тийм машин Улаанбаатар хотод явах ямар ч боломжгүй, зам нь ч дийлэхгүй. Нэг нь гэхэд 44 тоннын даацтай. Энэ бүхнийг мэргэжлийн хүмүүс судлаад ХБНГУ-аас хоёр томоохон техник авахаар сонголтоо хийчихсэн байгаа.
Гэхдээ сунадаг шаттай техникээр хангагдлаа гээд галын аюулаас урьдчилан сэргийлж байгаа хэрэг биш. Иргэд, байгууллагууд хариуцлагатай, мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлагатай байна.
Айпон утасны баруун, зүүн товчуурыг зэрэг дарахаар SOS гарч ирдэг. Үүнийг монголд нэвтрүүлэх гээд ажиллаж байна. Гар утасны хоёр талын товчлуурыг зэрэг дарж дуудлага хийхэд тухайн иргэний байршил болон шаардлагатай тусламж нь автоматаар зохицуулагддаг үйлчилгээг ойрын хугацаанд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Сүүлийн үед гарсан алдаа дутагдалд хариуцлага тооцох болно. Ний нуугүй хэлэхэд үүний цаана системчлэгдсэн авлига байдаг юм байна. Ашиг сонирхлын зөрчилтэй олон хүн өнөөдөр хариуцлагатай, өндөр албан тушаал дээр байна. Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа хяналт шалгалтын ажлын хэсэгт орох ёсгүй. Тэр хүмүүсийг халах солих асуудлыг би ярина. Хариуцлагын асуудал эн тэргүүнд ярина. Хариуцлага тооцохдоо хүний нүүр харахгүй.
Сүүлийн 10 жилийн хугацаанд янз бүрийн осол аваараас болж бага насны 516 хүүхэд нас барсан байна” гэлээ.







































































