Улсын Онцгой комиссоос ирэх Даваа гарагаас эхлэн гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргажээ.
Энэ талаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл “Томуу, томуу төст өвчний тохиолдол амбулаторийн үзлэгийн 9.5 хувийг эзэлж байгаа үед коронавирусийн эрсдэл орж ирвэл хүүхдээр тогтохгүй хүн амын хувьд эрсдэлтэй гэж үзсэн учраас Улсын Онцгой комисст санал оруулсан. ЭМЯ тодорхой дөрвөн санал оруулсан.
Нэгдүгээрт, гуравдугаар сарын 2-ныг хүртэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох,
Хоёрдугаарт, Эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангах үүднээс эм тариа, бусад нөөцийг бүрдүүлэх үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэх,
Гуравдугаарт, БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудын хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр хязгаарлах,
Дөрөв дэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулах болсон. Тэр нь хилийн боомт орчмын хөдөлгөөнийг хязгаарлахад хөрш орондоо мэдэгдэж, шийдвэрийг Засгийн газар гаргадаг. Тийм учраас хилээр нэвтрэх явган иргэдийн болон автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлах саналыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ” гэлээ.
Мөн урт хугацаагаар ерөнхий боловсролын сургуулийн хичээл завсарлах тул онлайн сургалт явуулах саналыг Улсын Онцгой комиссын гишүүд гаргасан байна.
Энэхүү шийдвэрийг сургуулийн өмчийн хэлбэр үл харгалзан ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэг дагаж мөрдөнө.