Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар бусад төрийн байгууллагуудтай хамтран Сонгинохайрхан, Баянзүрх, Багануур, Хан Уул, Налайх, Багахангай дүүргүүдийн 7 товчоонд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн хяналт шалгалтыг тогтмол хийж байна. Өнөөдөр Хан-уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид хууль бусаар түүсэн 450 гаруй кг цайруулсан самрыг илрүүлэн хурааж авсан байна. Хуш модны самрыг журамд зааснаар тухайн оны 10 дугаар сарын 15-наас дараа оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд түүж бэлтгэх ёстой байдаг. Энэ нь самар бүрэн боловсорч гүйцэх хугацаа юм. Болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учир нян, вирус бохирдлыг татдаг бөгөөд халдварт өвчих тархах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувьд тохиромжгүй. Түүнчлэн намрын хуурайшилтай үед анхаарал болгоомжгүйгээс ой, хээрийн түймэр гаргах эрсдлийг ч бий болгодог байна. Самрыг түүхдээ хүчээр модыг нь түнших буюу муна хэлбэртэй зүйлээр цохих нь модыг гэмтээх сэргэн ургах чадварыг муудахад хүргэдэг байна.