ХБНГУ-ын Гёттинген хотын ОТТО ХААН сургууль болон 19 дүгээр дунд сургуулийн багш, сурагчдыг /2016.09.02/ Дархан уул аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энхбат нарын тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.
Дархан-Уул аймгийн 19 дүгээр дунд сургууль нь 2011 оноос хойш ХБНГУ-ын Гёттинген хотын ОТТО ХААН сургуультай хамтран ажиллаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд хоёр жил тутамд нэг удаа 9-10 дугаар ангийн сурагчид сурагч солилцоогоор ХБНГУ руу явдаг бол Герман сурагчид манай хотод ирж 14 хоног хичээлд суух, үйлдвэрүүдтэй танилцах, хөдөө явж нүүдэлчин аж ахуйтай танилцах зэрэг дадлагыг хийдэг байна.
Уулзалтаар сурагч солилцоогоор ирсэн сурагчдад аймаг, орон нутгийн зүгээс боловсролын салбарт ихээхэн ач холбогдол өгч ажилладаг талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийсэн юм. Түүний дараагаар тэднийг \”Хүндэтгэлийн гэр”-т урьж язгуур урлагийн тоглолтыг толилуулан, Монгол гэрийн өвөрмөц онцлогийг танилцуулж, таван хошуу малын дүрс бүхий бэлэг дурсгалын зүйлсийг гардуулав. Энэ үеэр герман сурагчид Монгол орны байгалийн сайхныг шагшин магтаад, дахин ирэх хүсэлтэй байгаагаа ч илэрхийлж байлаа.
darkhan.gov.mn