МАН-ын бүлэг хаалттай хаалганы цаана юу ярив.
Хэрвээ ийм гарчигтай нийтлэл бичвэл дотоод агуулга нь ямар ч байсан хамаагүй
тагнуулийн байгууллагад шалгуулж мэдэх юм байна. \”Ардын эрх” сонин яг ийм
гарчигтай нийтлэл бичжээ. Тагнуулд шалгуулах хэмжээний айхтар асуудал хөндөж үү
хэмээн ухаж үзтэл УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, үйл ажиллагааны шинжтэй асуудлаар
хэлэлцсэн байж. Гол нь хаалттай хурлын протоколийг задруулсан гэх асуудалд
УИХ-ын дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа их ундуйцаж, хэвлэлийн
байгууллагыг шалгуулахаар болсон нь энэ аж.
Юу ярьсан нь чухал биш намын бүлэг хаалттай
хуралдаж байсан асуудлыг олон нийт мэдэх эрхгүй юм байна. Тэгвэл хэвлэл
мэдээллийн байгууллага гэж байгаад яах юм бэ. Хаалттай хуралдааныг нээлттэй
сурвалжилж байж л хэвлэл мэдээллийн байгууллагын олон нийтэд мэдээлэл хүргэх
үүрэг биеллээ олох бус уу. Эсвэл намын хяналтаар орсон бэлэн мэдээллийг цацаад
л сууж байх ёстой юу. Ийм дээрээ тулсан бол ардчилсан нийгэм, шударга ёс яриад
яах юм бэ. Сөрөг агуулгатай мэдээ бичсэн сэтгүүлч торны цаана суудаг, арга
хэмжээ авахуулдаг хуучин нийгэм рүүгээ шилжчихсэн нь дээр биш үү.
Хаалттай мэдээлэл задарч
байгаа бол энэ бурууг хэвлэлийнхнээс бус харин намынхаа нөхдөөс л асуух
хэрэгтэй. Үүнийг намын бүлгийн дарга Д.Хаянхярваа маш сайн мэдэх л ёстой хүн. Олон ч жил Дарханчуудаа төлөөлж УИХ-д сууж байгаа, Сангийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд бодлогогүй, буруу үг унагамааргүй. Гэтэл бурууг сэтгүүлчдээс хайж, намын нэр барьж албан бичгээр далайлгаж байгаа
нь дөрөв дэхь засаглалтай \”дайн зарлаж” байгаагаас өөрцгүй санагдана.
А.Аюуш
Үндэстэн агентлаг