Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг 90 хоногийн хугацаагаар хойшлуулах санал гаргасныг Засгийн газрын гуравдугаар сарын 18-ны ээлжит хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн.
Ингээд “Зээлдэгчид хүндрэл гарвал банктайгаа холбогдон төлбөр хойшлуулах, гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаж болно” хэмээн Монголбанкнаас мэдэгдээд байгаа.
Уг шийдвэрийн дагуу арилжааны банканд зээлтэй иргэд зээлийн эргэн төлөлтөө хойшлуулахаар хандахад “Санхүүгийн хүндрэлд орсноо батлах ёстой” гэсэн шаардлага тавьж байгаа талаар иргэд мэдээлж байна.
Тэгвэл энэ талаар Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч тайлбар өгчээ. Тэрбээр “СOVID-19-ийн хөл хорионоос үүдэлтэй зээлийн эргэн төлөлтөө гэрээнд заасан хугацаандаа төлж чадахгүй нөхцөл байдалд орсон зайлшгүй шалтгаантай иргэдийг Зээлийн мэдээллийн сангийн хугацаа хэтэрсэн ангилалд орохгүй байх боломжийг 15 хоног байсныг 90 хоногоор сунган өгсөн шийдвэрийг гаргасан нь зээлтэй хүн болгонд хамаарагдах арга хэмжээ биш юм.
Хэрвээ таны орлого тасалдаагүй хэвийн бол зээлийн гэрээнд заасан үүргээ хангаж, цаг хугацаандаа зээлээ төлөх шаардлагатай юм. Зээл авсан банканд зээлдэгчийн мэдээлэл дэлгэрэнгүй байгаа учраас банк орлого нь хэвийн, хэвийн бус гэдгийг нь асуудалгүй тодорхойлох боломжтой байдаг. Тиймээс энэ шийдвэрийг зээлдэгч нэг бүрт олгож байгаа боломж гэж ойлгож болохгүй юм. Өөртөө хэт их өрийн дарамт үүсгэхгүйгээр зээлээ боломжоороо төлөөд явах нь цаашдаа дарамт багатай” хэмээсэн байна.