ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр шинэ коронавирусээр өвчилсөн хүмүүсийг эмчилж буй Москва хотын эмнэлэгт зочилж, нөхцөл байдалтай танилцжээ.
Ингэхдээ тэр вирусийн халдвараас хамгаалах иж бүрэн хувцас өмссөн байна.
Эмнэлгийн ерөнхий эмч Денис Проценко коронавирусийн тахал Орос улсад хоёр хувилбар замаар дэгдэж болзошгүйг энэ үеэр Путинд хэлсэн байна.
Нэг бол Азид дэгдсэн шиг богино хугацаанд тархаад буурах, үгүй бол Италийнх шиг хүчтэй дэгдэлт гарах гэж тэр тайлбарлажээ.
Хэрвээ Орос дахь дэгдэлт Хятадын хувилбараар явагдаж дөрөв, тавдугаар саруудын аль нэгэнд өндөрлөвөл эмч мэргэжилтнүүдийн хувьд азтай тохиолдол болно гэж Проценко хэлсэн байна.
Өчигдрийн байдлаар ОХУ-д шинэ коронавирусийн халдварын 495 тохиолдол илэрсэн бол хүний амь эндсэн ганц ч тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм.