Хүмүүний ертөнцийн түмэн жаргалан дундаас эрүүл энх, элэг бүтэн байхын жаргалыг юутай ч зүйрлэшгүй билээ. Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд цаг наргүй хичээн зүтгэж, амьдрал жаргал бэлэглэдэг алтан гарт эмч нартаа Олон Улсын эмч нарын өдрийн мэндийг хүндэтгэн дэвшүүлье.
Дэлхий нийтээрээ аюулт цар тахалтай хүч хавсран тэмцэж буй энэ цаг үед улсын болон нийслэл, дүүргийн эмнэлгүүд, эмч эмнэлгийн ажилтнууд маань бүтэн гурван сарын турш өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Засгийн газрын болон Улс, Нийслэлийн Онцгой комиссын шийдвэр, ДЭМБ-ын заавар зөвлөмжийг цаг тухай бүрт сахиулан мөрдүүлж яваа Та бүгдийн нөр их хичээл зүтгэлийн ачаар Монгол Улс, Улаанбаатар хот маань короно вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрт авч хэрэгжүүлж, бэлтгэлээ сайтар базаасан билээ. Тийм ч учраас гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдвараас өөр тохиолдол манайд бүртгэгдээгүй байна. Өвчилсөн иргэдийн биеийн байдал сайжирч байгаа нь ч гарцаагүй манай эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар, чин сэтгэл, хичээл зүтгэлийн илэрхийлэл юм.
Цар тахлын өөдөөс сөрөн тэмцэж байгаа цагаан нөмрөгт эмч, эрүүл салбарын нийт ажилтан алба хаагчдын энэхүү гавьяаг төр засаг, түмэн олон маань ямагт санаж явах учиртай.
Өргөсөн тангаргаа нэр төртэйгөөр биелүүлж, амаргүй хүнд сорилтыг хамтдаа сөрөн зогсож байгаа алтан гарт эмч нартаа талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
БАЯРЛАЛАА, ЭМЧЭЭ!