Гуравдугаар сарын 30-н буюу өчигдрөөс эхлэх гэр хороололд амьдарч буй айл өрхүүдийн модон жорлонг стандартын дагуу ариутгалын бодисоор халдваргүйжүүлж эхэллээ.
Модон жорлонг халдваргүйжүүлэх ажлыг тавдугаар сарын 1-нээс өмнө дуусгах бөгөөд нийт 220 мянган өрхийг хамруулна гэж тооцжээ.
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлсэн юм. Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 190 сая метр квадрат талбайг халдваргүйжүүлжээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжтэй хамтран гурван төрлийн бодисоор халдваргүйжүүлэлт хийж байна.
Хотын Захирагч С.Амарсайхан “Иргэд аж ахуй нэгжүүд ойр орчмын газартаа өөрсдөө ариутгал халдваргүйжүүлэлтээ хийх хэрэгтэй байна. Бүх зүйлийг хотоос хийх боломжгүй. Өмнө нь энэ мэтчилэн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг Улаанбаатар хотод хийж байгаагүй. Иймээс цаашид жил бүр тэр тусмаа хаврын цагт ариутгал халдваргүйжүүлэлтийг өргөн хүрээнд хийнэ” гэсэн юм.