Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийх үеэр гэрээр тусгаарлагдах үүргээ зөрчиж буй иргэдтэй хэрхэн хариуцлага тооцох талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх бүх талын судалгааг хийж ажиллаж байна.
Холбогдох мэргэжлийн байгууллагаас туршлага судалсаар байна. Манай иргэд гэртээ тусгаарлагдах хугацаагаа чанд сахиж биелүүлэх хэрэгтэй байна.
Өнгөрсөн хоногуудад тусгаарлах байрнаас гарч гэртээ тусгаарлагдах ёстой иргэдээс 14 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, гэр орондоо агсам, согтуу тавьж, эрүүлжүүлэх байранд очих хэмжээний асуудал үүсгэсэн. Энэ нь өөрөө аюул. 14 хоногийн дараа ч гэсэн ямар ч иргэнээс вирус гарахгүй гэх баталгаа байхгүй.
Иймд тусгаарлах байрнаас гараад гэртээ тусгаарлах үүргээ биелүүлээгүй иргэдтэй Зөрчлийн тухай хуулийн 5.2, 3.14-т заасны дагуу хуулийн хариуцлага тооцно. Тусгаарлалтаар гарч ирээд ямар төвөгтэй байдалд байдгийг хүмүүст хэлэхийн оронд дайнд яваад ирсэн баатар шиг байж болохгүй. Зөрчил их гарч байгаа учраас “Тусгаарлалт” гэсэн тэмдгийг айлуудын хаяг дээр наана. Наана гэхээр хүний эрх гэж яриад байгаа нь ийм ч зохистой зүйл биш юм шүү.
Мөн сонгуулийн ажилтай холбоотойгоор сонгуулийн нэр горилсон, өөрийгөө бодсон иргэд маань улс төрөө коронавирусээс холуур хийгээч. Дэг журамтай газар өвчний тархалт бага байгаа нь дэлхий нийтэд нотлогдсон.
Тийм байхад УОК-ын шийдвэр зөрчиж, олныг турхирдаг асуудал гарч байгаа тул бид баримтжуулаад хүсээд сонирхоод буй асуудал дээр чинь цэг тавина. Өөр арга алга” гэлээ.