Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт байрлах коксжсон нүүрсний Овоотын уурхайг Эрдэнэт хоттой холбох төмөр замын асуудлаар төслийг хэрэгжүүлэгч Аспайр Майнинг компаны холбогдох хүмүүсийг аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг дарга Л.Ганболд, Засаг даргын орлогч Д.Пүрэвдорж нар хүлээж авч уулзан төслийн явц, замын трасс шугам, төслөөс хүлээж буй үр дүн, аймгийн зүгээс баримталж буй бодлогын талаар ярилцаж, санал солилцлоо.
Төмөр замын төслийн нийт өртөг 1.3 тэрбум доллар бөгөөд 2017 оны 6 сараас газар шорооны ажил эхэлнэ гэж тооцож буй ажээ. Нийт 4 жилийн хугацаанд хэрэгжих төслийн явцад ажлын түр болоод байнгын байр шинээр бий болох бөгөөд тус замыг БНТува улсын нутагт байрлах ордтой холбох замаар эдийн засгийн эргэлтэнд оруулах транзит тээврээс ашиг олох зэрэг боломж байгааг төслийн багаас танилцууллаа.
Аймгийн удирдлагуудын зүгээс төслийг дэмжиж ажиллах болно гэдгээ хэлээд байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай байлгах, аймгийн төв Мөрөн хотыг дайруулан өнгөрүүлэх чиглэлд ТЭЗҮ-г боловсруулах шаардлагатайг сануулсан бөгөөд төслийн явц, үр дүнгийн талаар тогтмол мэдээлэл өгч ажиллахыг анхаарууллаа.
www.khuvsgulnews.mn