Ховд аймгийн хувцас захиалга, засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг \”Буянт үйлийн шим” хоршооны байгуулагдсаны 20 жилийн ой болж өнгөрлөө. Тус байгууллагын ойн баярын хуралд ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, \”Буянт үйлийн шим хоршоо”-ны захирал А.Сэржханд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог \”Хувцас захиалга, оёдол эсгүүрийн салбар уналтанд орсон байсан үед санаа нийлэн хоршоогоо байгуулж өдий зэрэгт хүрэн, 20 жилийн ойгоо тэмдэглэж буй та бүхэнд баярын мэнд хүргэе. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ажлын хүрээнд та бүхнийг дэмжиж ажиллана гэдгээ хэлэхэд таатай байна” гэсэн юм. Түүнчлэн \”Буянт үйлийн шим хоршоо” нь Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран оёдол эсгүүрийн чиглэлээр сургалт явуулж байгаа аж. Ахуй үйлчилгээний комбинат гэж байхад хүүхдийн хувцасны тасагт ажиллаж байсан бүсгүйчүүд хамтран хувцас захиалга, засварын чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлж байсан нь \”Буянт үйлийн шим хоршоо”-ны суурь болсон гэдгийг тус хоршооны захирал А.Сэржханд өгүүлж байсан юм. Ойн арга хэмжээний үеэр ажил үйлсээрээ хамт олноо тэргүүлсэн Ч.Энхээ, С.Мягмар, Н.Цэрэнчимэг нарыг аймгийн Засаг даргын Өргөмжлөлөөр шагнаж цаашдын ажил, амьдралд нь амжилт хүслээ. khovd.gov.mn |