150 дээш м.кв орон сууцанд амьдардаг, дансандаа 100 саяас дээш төгрөгийн
хадгаламжтай, сарын цалин нь 2.5 сая төгрөгөөс дээш хувь хүн, аж ахуйн
нэгжүүдээс татвар авах гэж байсан цаг саяхан. Тодруулбал, Монгол Улсын Засгийн
газар 2016 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлэхдээ нийт найман төрлийн
татварыг нэмэхээр оруулж ирсэн байдаг. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар уг
асуудлыг унагасан билээ.
Учир нь МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт татвар нэмэхгүй гэж заасан. Энэ
мөрийн хөтөлбөрийнх нь дагуу өөрийнх нь эрх ашиг хөндөгдөх гээд байгаа цөөнх
эсэргүүцэл илэрхийлсээр л ялалт байгуулж чадсан гэж ойлгож болно.
Татвар нэмэхээргүй болсон баяртай яваа хүмүүс цөөнгүй. Гэвч Засгийн газар
тэднийг удаан баярлуулахгүй нь бололтой. Учир нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
бизнес эрхлэгчидтэй уулзах үеэр \”Татвар нэмэх байр суурь хэвээрээ байгаа.
Бүлгээс гарсан шийдвэр, улс төрийн шалтгаанаар энэ удаад буцаагдлаа” гэж хэлсэн
байна. Эндээс Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа татвар нэмэх нь
ойлгомжтой аж. Магадгүй Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд
татвар нэмэх заалт орсон байхыг үгүйсгэхгүй. Энэ удаад Засгийн газар байр
сууриа ч хамгаална гэдэг нь тодорхой байна.