СӨҮЛ. /Yonhap/. Даваа гарагийн орой Өмнөд Солонгосын өмнөд нутагт 5 гаруй баллын хүчтэй хоёр газар хөдлөлт болсны улмаас наад зах нь зургаан хүн гэмтэж бэртжээ.
Өмнөд Солонгосын Цаг уурын агентлагийн мэдэгдсэнээр, орон нутгийн цагаар даваа гарагийн оройн 7:44 цагт Умард Кёнсан аймгийн Кёнжу хотод 5.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон бол 8:32 цагт тус хотоос холгүй орших газарт 5.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Цаг уурын агентлагийн албаны хүмүүс сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ \”хоёр дахь нь 1978 оноос газар хөдлөлтийн тухай мэдээ мэдээллийг бүртгэж, ажиглалт хийж эхэлснээс хойш манай улсын түүхэнд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт юм” гэв.
Тус улсын Олон нийтийн аюулгүй байдал ба улсыг аюулаас хамгаалах яамны мэдэгдсэнээр, газар хөдлөлтийн улмаас эд материалын хохирол учирсан гэх 100 орчим мэдээлэл бүртгэгдээд байна.Тухайлбал, ус дамжуулах хоолой гэмтсэн, орон сууцны тааз хэсэгчлэн эвдэрч нурсан гэсэн мэдээлэл бүртгэгджээ.
Харин газар хөдлөлтийн улмаас Кёнжу хот дахь \”Волсонг” атомын цахилгаан станцын /АЦС/ үйл ажиллагаа доголдсон гэх мэдээлэл алга. Гэхдээ урьдчилан сэргийлэх үүднээс тус АЦС-ын бүх реакторыг хэсэг хугацаанд ажиллуулахгүй гэж албаны хүмүүс хэллээ.
Газар хөдлөлтийн дараах түлхэлт мэдрэгдэж магадгүй гэж холбогдох албаны хүмүүс анхаарууллаа.
Г.Доржханд
Эх сурвалж: МОНЦАМЭ