Төв банк арилжааны банкуудын ипотекийн зээлийн санхүүжилтэд шалгалт оруулсантай холбогдуулан зээл олголт тодорхойгүй хугацаагаар зогсчээ. Сүүлийн үед ипотекийн зээлтэй холбоотой хэд хэдэн асуудлаар иргэд тодорхой мэдээлэл авахыг хүсч байна. Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийг зогсоосон уу, цаашид зээл хэвийн олгогдох уу гэх зэрэг олон асуулт иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм.
Энэ талаар Төв банкны хэвлэлийн төлөөлөгч Д.Ариунаа \”Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийг түр зогсоосон. Учир нь Төв банкнаас өнгөрсөн наймдугаар сард арилжааны банкуудад шалгалт хийсэн. Тодруулбал, арилжааны банкууд ипотекийн зээлийн санхүүжилтийг цаг хугацаанд нь гаргадаггүй өөр дээрээ хадгалсан, зориулалтын бусаар зарцуулж байгаа зөрчил ажиглагдсан. Үүнтэй холбогдуулан нэгдсэн журмаар шалгалт хийсэн. Эдгээр зөрчлийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг Монголбанк болон арилжааны банкуудын удирдлагын түвшинд хэлэлцэж байна. Ингээд нэгдсэн шийдэл гаргасны дараа ипотекийн зээлийн санхүүжилт үргэлжлэн олгогдоно” гэлээ.
Түүнчлэн энэ үеэр ипотекийн таван хувийн зээлийн санхүүжилтийн талаар Төв банк байр сууриа илэрхийллээ. Төв банкны зүгээс ипотекийн таван хувийн зээлд санхүүжилт олгохгүй гэсэн байр суурьтай байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, төсвийн алдагдал нэмэгдэж, орлого тасалдаж буйтай холбогдуулан Төв банк зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлэхгүй байх зайлшгүй шаардлага үүссэн. Үүнтэй холбоотойгоор бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлж 15 хувьд хүргэсэн билээ. Ингэж мөнгөний хатуу бодлого баримталж эхэлсэн учраас цаашид ипотекийн таван хувийн зээлээр дамжуулан мөнгөний нийлүүлэлтийг дэмжихгүй гэж Монголбанк үзэж байгаа юм.
Гэхдээ ипотекийн таван хувийн зээлийн хөтөлбөр нь Засгийн газраас баталсан журмын дагуу хэрэгждэг. Тийм учраас Засгийн газар тодорхой түвшинд эх үүсвэрээ шийдэж чадвал ипотекийн таван хувийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, ипотекийн таван хувийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсэх нь Засгийн газрын түвшинд шийдэгдэх юм.
Эх сурвалж: Монголбанк