Ираны парламентын өнөөдрийн хуралдаанаар мөнгөн тэмдэгтийн албан ёсны риаль нэрийг халж ТҮМЭН хэмээх нэрлэх хуулийг батлав. Ингэснээр риалын 4 ширхэг тэгийг арилган 10 мянган риалтай тэнцэх нэгжийг 1 түмэн хэмээн нэрлэдэг тогтолцоонд шилжив.
Ил хаант улсын үед Ойрх Дорнодын мөнгийг хэмжих нэгжид түмэн хэмээх монгол нэр томьёо орж иржээ. Түмэн хэмээх нэр томьёо нь дэвсгэрт хэмээх утгаар бус ихэвчлэн албан татвар, томоохон худалдаа зэрэгт 10 мянган динарыг 1 түмэн хэмээн тооцдог байв.
Өөрөөр хэлбэл 6 дирхемтэй тэнцэх 1 динар нь хамгийн том дэвсгэрт байсныг макро төвшинд ийн 10 мянган динарыг багцлан 1 түмэн гэж нэрлэжээ.
Их Монгол улс, Цагадайн улсад мөнгөний хамгийн том нэгж нь балыш хэмээх түрэг нэртэй байсан бол Ил хаант улсад түмэн хэмээх монгол нэртэй байв. Энэ нь Ил хангуудын монгол хэл, соёлооо гэсэн сэтгэлгээг харуулж байна. Ил хаант улсын үед нэвтэрсэн мөнгөний нэгж түмэн нэр томьёо нь Ираны санхүүгийн түүхэнд тогтсон хэллэг болж явсаар 2019 оны 5-р сард Засгийн газрын тогтоол гарч дараа нь өнөөдөр Ираны парламентаар батлагдсан нь Монголын эзэнт гүрний нөлөө одоо хүртэл явсаар байгааг харуулж байна.