Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны XV паралимпийн наадамд Монгол улсаас анх удаа пауэрлифтингийн төрлөөр оролцож байгаа Э.Содномпилжээ хүрэл медаль хүртлээ. Тэрбээр 88 кг-ын жинд өрсөлдөж, 210 кг-ыг өргөн паралимпийн медальтан боллоо.
Э.Содномпилжээ эхний захиалгаар 210 кг-ыг өргөсөн. Энэ жинд эрхээ авч оролцсон шилдэг 10 тамирчин өрсөлдсөнөөс АНЭУ-ын Х.Мохаммед 220 кг өргөж алтан медалийн эзэн болсон бол Бразилийн Да Силва Эванио 210 кг өргөж мөнгөн медаль хүртсэн юм. Манай тамирчин эзэн орны тамирчинтэй адил өргөсөн ч жингийн илүүгээр хүрэл дээр буулаа.
Гэхдээ Монгол Улсынхаа медалийн тоог ахиулж, алтан сүлдэт далбаагаа Риогийн тэнгэрт өргөж чадлаа.
Үндэстэн агентлаг