Өнөөдөр Улаанбаатарт 18-23 метр секунд хурдтай салхи шуурга болох юм. Хүчтэй салхины улмаас барилга байгууламжийн дээвэр хийсэх эрсдэлтэй юм. Энэ талаар сэрэмжлүүлэн НМХГ-аас мэдээлэл өглөө.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч Ш.Хонгорзул: Барилгын талбайн эмх цэгцийг хангах, хашаа болон нийтийн эзэмшлийн зам талбайг аюулгүй байдлыг хангах, хүчтэй салхитай үед барилгын өндрийн ажлуудыг зогсоохыг барилгын компаниудад анхааруулж бичиг хүргүүлсэн.
Энэ он гарсаар НМХГ-ын шуурхай алба 11 ослын газарт очиж ажилласан. Үүний 6 нь барилгын салбарт гарсан осол. Эдгээр осолд 22 хүн өртсөнөөс 13 хүн барилгын салбарт осолд өртсөн. Тэдгээрийн 2 нь нас барж, 11 нь хүнд, хөнгөн бэртэл авсан. Эдгээр тохиолдлуудын зарим нь байгалийн гамшигт үзэгдэл буюу гэнэтийн хуй салхины улмаас болсон. Барилгын талбайн эмх цэгц хангалтгүй байсны улмаас барилгын хавтан салхинд хийсэж, барилгын талбайд ажиллаж байсан нэг хүнийг гэмтээж, нэг хүн нь нас барсан.
Мөн үүнтэй ижил төстэй барилгын талбайд хураасан эд зүйл барилгын хашааг давж нийтийн эзэмшлийн зам талбайд зогсож байсан авто машинд их хэмжээний хохирол учруулж байсан. Барилгын компаниуд барилгын талбайнхаа эмх цэгцтэй байлгаж, хүчтэй шуурганд барилгын ажлыг бүрэн зогсоож, ажилчид болон гуравдагч этгээдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах шаардлагатай байна” гэсэн юм.