Үндэсний их баяр наадмын дараа Монголын Үндэсний олимпийн хороо бөхчүүдийн допингийн шинжилгээг БНСУ-ын гэрээт лабораторид хийлгэхээр явуулдаг. Тэгвэл энэ жилийн баяр наадмын бөхчүүд болон харваачдын сэргээшийн шинжилгээний хариу албан ёсоор иржээ.
Энэ жил зодоглосон 1024 бөхөөс шөвгийн 32-д үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авч, БНСУ руу явуулсан байна. Харин улсын цол хүртсэн хоёр бөх допинг хэрэглэсэн байж болзошгүй тухай мэдээллийг эх сурвалж өгч байна. Гэвч Үндэсний бөхийн холбооноос албан ёсны мэдээллийг зарлах болоогүй гэдгийг мэдэгдлээ. Учир нь Баяр наадмын тухай хуулийн дагуу шинжилгээний хариуг наадам зохион байгуулах комисс хэлэлцээд дараа нь мэдээлэл хийдэг ажээ. Хэрвээ допинг хэрэглэсэн нь бүрэн нотлогдсон тохиолдолд дээрх хоёр бөхийн цолыг хураах арга хэмжээ авах гэнэ.
Үндэстэн агентлаг