Гадаад харилцааны яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, хөрш орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр хэрхэн ажиллаж байгаагаа танилцуулав.
ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг “Хөрш орнуудтайгаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа сэргээх нь нэн тэргүүний зорилго болж байна. Үүнд чиглэсэн тодорхой арга хэмжээг БНХАУ-ын талтай хамтран хэрэгжүүлж байгаа нь хилийн боомтын “Ногоон гарц” түр журам юм.
Энэ журам хэрэгжиж эхэлснээр монгол жолооч нар Хятадын хилээр нэвтэрч ачаа бараа тээвэрлэх боломж өргөжиж, хялбаршсан. Мөн хоёр орны хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрт зайлшгүй оролцох шаардлагатай инженер, техникийн ажилтнууд зорчих боломжийг нээсэн.
Иргэд, аж ахуйн нэгжүүд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилгын материал зэргийг худалдан авах үйл ажиллагааг хялбаршуулж, цахим худалдааг дэмжих заалт мөн дээрх журамд тусгагдсан.
Түүнчлэн манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлоход хил гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах хугацааг богиносгож, шуурхай болгоход чиглэж буй юм. Ингэснээр ачаа барааны эргэлтийг түргэн шуурхай болох, томоохон төслийг эрчимжүүлэх ач холбогдолтой.
“Ногоон гарц”-ын журмаар зорчих хүсэлтэй иргэд хоёр талын холбогдох байгууллагаас зөвшөөрөл хүсэж, зөвшөөрөл гарсны дараагаар COVID-19-ийн шинжилгээнд хамрагдаж байж нэвтэрнэ.
Хил нэвтэрсний дараагаар тухайн улсад мөрдөгдөж буй дэглэмийг мөрдөнө. Энэ дагуу манай улсад зорчсон хүмүүс 21+14 тусгаарлалтын горимыг мөрдөнө” гэлээ.
Одоогоор Дарханы зам, Шинэ Төв цэвэрлэх байгууламж зэрэг томоохон төсөлд ажиллахаар 190 гадаад ажилтан ирсэн тухай ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг хэллээ. Мөн олон аж ахуйн нэгж гадаадаас ажиллах хүч авах хүсэлтээ илэрхийлж байгаа аж.