Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгаанаар огцрох болсноо өнөөдөр зарлах гэж байгааг тус улсын NHK олон нийтийн телевизийн суваг мэдээллээ. Абэгийн бүрэн эрхийн хугацаа 2021 оны есдүгээр сард дуусах байсан юм.
Түүний ажлыг сангийн сайд Асо Таро түр орлон гүйцэтгэж, эрх баригч Либерал Ардчилсан Намын даргын суудлын төлөө өрсөлдөөн эхлэх нь тодорхой болжээ. Абэ Шинзо саяхан нэг долоо хоногийн зайтай хоёр удаа эмнэлэгт үзүүлснээр түүний эрүүл мэндийн асуудал олны анхаарлын төвд орсон юм.
Тэр эхний удаа эмнэлэгт үзүүлэхдээ бараг найман цаг саатаж байжээ. Абэ 2006 онд анх удаа Япон улсын ерөнхий сайдаар томилогдоод нэг жил ажилласныхаа дараа ходоод гэдэсний өвчний улмаас өөрийн хүсэлтээр огцорч байв.
Дараа нь тэр 2012 онд дахин ерөнхий сайдаар томилогдохдоо шинэ гарсан эмний тусламжтай өвчнөө эдгээсэн тухай мэдэгдэж байжээ. Өнгөрсөн Даваа гарагт Абэ хоёр дахь удаагаа эмнэлэгт үзүүлсэн бөгөөд энэ өдөр тэр Япон улсын түүхэнд хамгийн урт хугацаанд тасралтгүй ерөнхий сайдын албыг хашсан хүн болж байв.
Өмнөх дээд амжилтыг 50-аад жилийн өмнө ерөнхий сайдаар ажиллаж байсан Сато Эйсаку эзэмшиж байжээ. Сато нь Абэ Шинзогийн нагац ах юм. Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо ирэх сард 66 нас хүрнэ.