Монголын Хуульчдын холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох хамтын удирдлага бүхий Удирдах зөвлөлийн, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил, сахилга, ёс зүйн байдалд дүгнэлт гаргах, хуульчийн мэргэжил, ур чадварын талаар гаргасан гомдол маргааны хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа тус тус дуусгавар болохтой холбогдуулан Монголын Хуульчдын холбооны дүрмийн 3.2 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь хэсгийг үндэслэн Монголын Хуульчдын холбооноос ээлжит бус Их хурлаа аравдугаар сарын 14-нд хуралдуулахаар шийдвэрлэлээ.
Тус Их хурлаар Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, батламжлах, Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнийг чөлөөлөх, бүрэлдэхүүнийг батлах асуудлаас гадна Монголын Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналын төслийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.
Монголын Хуульчдын холбооны Хуульчдын нэгдсэн бүртгэлд 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар 5405 хуульч бүртгэлтэй, үүнээс 4838 хуульч мэргэжлийн үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа идэвхтэй явуулж буй эдгээр хуульч нь Их хурлын төлөөлөгчөөр нэрээ дэвшүүлэх эрхтэй бөгөөд Их хурлын төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 20 хувь нь шүүгч, 20 хувь нь прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл байна.
Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны 08:00 цагаас 2016 оны 09 дүгээр сарын 26-ны 22:00 цагийн хооронд, нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагааг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны 08:00 цагаас 2016 оны 09 дүгээр сарын 29-ний 22:00 цагийн хооронд зохион байгуулна.
Монголын Хуульчдын холбооны эрх барих дээд байгууллага нь Их хурал байдаг. Иймд гишүүд та бүхэн Их хурлын төлөөлөгч сонгох цахим сонгуульд идэвхтэй оролцож, гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mglbar.mn цахим хуудасны \”Их хурал-2016” цэс болон 70116004 утсаар холбогдож авна уу.
Монголын Хуульчдын холбоо