Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх поликлиникийн эрхлэгч У.Цэвэгмид оролцож, мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сүүлийн гурван сард амбулаторийн үзлэгт томуу төст өвчний вирус буюу реновирус, энтеровирус бүртгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл, хүн амын дунд одоогоор томуу төст өвчний вирус эргэлтэд байгаа бөгөөд томуугийн вирус эргэлтэд ороогүй байгаа” гэдгийг онцлов.
“Томуугийн вирус нь томуу төст өвчнөөсөө илүү их хоруу чанартай”
Томуугийн вирус нь арванхоёрдугаар сарын дундаас эргэлтэд орж ирдэг.
Томуугийн вирус нь томуу төст өвчнөөсөө илүү их хоруу чанартай, илүү олныг хамарч бүх насны хүмүүсийг өвчлүүлэх эрсдэлтэй байдаг гэдгийг санах хэрэгтэй.
Тийм учраас томуугийн улирал гэдэг нь илүү олныг хамарсан дэгдэлт хэлбэрээр, магадгүй цар тахал хэлбэрээр дэгдэх эрсдэлтэй учраас томуугийн вирусийн халдвараас сэргийлэхийн тулд Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийг сайтар хэрэгжүүлэх нь зүйтэй.
Мөн бага насны хүүхдийг өвлийн улиралд дулаан хувцаслаж, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэж, дархлааг нь дэмжих хэрэгтэйгээс гадна гарын ариун цэврийг сайтар сахиж, халдваргүйжүүлэх, амны хаалтыг тогтмол хэрэглэж заншихыг уриалж байна” гэв.