ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр цар тахал дэгдсэнээс хойш манай улс авто болон агаарын замаар нийт 22,973 иргэнээ эх оронд нь авчирсан бөгөөд нийт 82 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдсэн гэлээ.
Нутаг буцах хүсэлтээ гаргасан иргэдийн байрлаж буй улс орон, бүс нутгийг харгалзаж аравдугаар сард нийт 11 тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ авчрахаар төлөвлөсөн. Үүнээс долоон удаагийн нислэгийг Сөүл-Улаанбаатарын чиглэлд үйлдэх бөгөөд нэг нислэг нь транзит байх аж.
Өчигдөр УОК-оос өгсөн чиглэлийн дагуу БНХАУ-аас нутаг буцах хүсэлт гаргаад байсан цөөн тооны иргэнийг Замын-Үүдийн боомтоор нэвтрүүллээ. Хилийн чанадаас нутаг буцах хүсэлт гаргаж байгаа иргэдийн тоо өндөр мэт харагдавч сүүлийн үед иргэд нутаг буцах хүсэлтээ олноор цуцалж байна. Жишээлбэл, БНХАУ-аас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг татан авах шийдвэр гарах үед Замын-Үүд боомтоор 130 гаруй иргэн орж ирнэ гэж бид тооцсон ч өчигдрийн татан авалтаар ердөө 30 иргэн ирсэн.
Есдүгээр сарын хамгийн сүүлийн нислэг буюу маргааш ирэх Сиатл-Улаанбаатар чиглэлийн онгоц гэхэд л 10 гаруй суудал хоосон ирнэ. Тиймээс ирэх сард үйлдэгдэх транзит нислэгээр ирэх хүмүүсийн тоог харгалзан дахин Сиатл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх эсэхийг шийднэ. Нэн яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог дахин тодруулж байж тус чиглэлд дахин нислэг үйлдэх эсэхийг шийдвэрлэнэ” гэлээ.