Монгол хүн эрх чөлөөтэй болж, аюулгүй орчинд ажил орлоготой, эрүүл саруул, ирээдүй хойч нь эрдэм боловсролтой байх алсын харааг зорилгоо болгон Ардчилсан нам 2012 оны сонгуульд \”Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн билээ. Энэ хүрээнд \”Монгол хүн 2020-Өнөөдөр, маргаааш…” бүсийн чуулганыг баруун, зүүн, хангайн бүсэд зохион байгуулсан бөгөөд өнөөдөр төвийн бүсийн аймгууд Дархан-Уул аймагт чуулж байна.
Энэхүү чуулганд Өмнөговь, Орхон, Сэлэнгэ, Дархан аймгийн Ардчилсан намын 500 гаруй гишүүд төлөөлөгчид өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай асуудлаа хэлэлцэх юм.
\”Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилтууд, Үндэсний хэмжээнд болон бүс нутгийн хэмжээнд хийгдсэн Шинэчлэл, Шийдлийн бүтээн байгуулалтын ажлыг дүгнэх, хэлэлцэх зорилготой энэхүү чуулга уулзалтанд Ардчилсан намын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, АН-ын Нарийн бичгийн дарга нар, Засгийн газрын сайд, дэд сайд нарын төлөөлөл, ҮЗХ-ны гишүүд, Аймгийн удирдлагууд, анхан шатны намын дарга нар, гишүүд төлөөлөгчид оролцож байна.
Төвийн бүсийн чуулганыг нээж Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр үг хэллээ. Тэрээр \”Бид энэхүү чуулганаар өнгөрсөн гурван жилийн хугацаанд ямар үр дүнд хүрсэнээ дүгнэж, цаашид юу хийж, ямар асуудалд анхаарал хандуулах шаардлагатай гэдгээ хэлэлцэх ач холбогдолтой юм” гэлээ. Чуулганд оролцогчидод хандан өнгөрсөн хугацаанд хийж бүтээснээ үнэлж дүгнэн, учир дутагдалтай асуудлаа шүүмжилж, амжилттай хэрэгжүүлсэн ажлаа сайшааж, цаашдын үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг уриаллаа.
Уг чуулганаар Ардчилсан намынхан зөвхөн дотоод асуудлаа хэлэлцэх бус, улс орныхоо хөгжил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдрах нөхцөл бололцоог хэрхэн хангах асуудлыг чухалчлан тэдэнтэй хамгийн ойр ажилладаг орон нутгийн төлөөллийн санал бодлыг сонсож, ирэх сонгуулиар мөрийн хөтөлбөртөө тусгах онцлогтой аж.