Украины ерөнхийлөгч Володимир Зеленский коронавирусийн халдвар авсныг тус улсын ерөнхийлөгчийн тамгын газар өчигдөр мэдээлжээ. Ерөнхийлөгчийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа ба тусгаарлагдсан байрнаас ажил үүргээ явуулах болсныг бас мэдэгдсэн байна.
Энэ мэдээг тарснаас хойш хэдхэн минутын дараа Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак бас коронавирусийн халдвар авснаа өөрийн сошиал хуудсанд зарлажээ. Өчигдөр өглөө болсон хэвлэлийн хурлын үеэр Зеленский ойрын үед долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд вирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор Украин даяар хөл хорио тогтоож болзошгүйг мэдэгдэж байв.
Украин улсад одоогоор коронавирусийн халдварын нийт 460,331 тохиолдол бүртгэгдэж, 8,450 хүн нас бараад байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 8,687 тохиолдол илэрснийг өчигдөр тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.