Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд сурталчлан таниулахаас гадна иргэд, хүүхэд багачуудад эх орноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг боловсрол олгох, соён гэгээрүүлэх зорилгоор байгуулсан Онцгой байдлын албаны музей нээгдээд удаагүй байна.
Энэ хугацаанд нийслэлийн иргэд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид музейд олноороо зочилж, Онцгой байдлын албаны үүсэл хөгжлийг харуулсан түүхийн нэн ховор 500 гаруй эд зүйлс, баримт материалтай танилцаж байна.
Өчигдөр гэхэд нийслэлийн 45-р сургуулийн 2г ангийн сурагчид, багш, эцэг, эхчүүдийн хамт Онцгой байдлын албаны музейг үзэж сонирхлоо.
Бяцхан үзэгчид маань онцгой байдлын албаны албан хаагчдын дүрэмт хувцас, ашигладаг багаж хэрэгсэл, автомашины үзүүлэн таниулгыг ихэд сонирхон, байгалийн гамшгийн тухай киног шимтэн үзэв.
Сурагчдад гамшгийн талаархи ойлголт, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг тэдний сонирхол, хүүхдийн насны онцлогт тохируулан музейгээр дамжуулан олгож байгаад талархаж буйгаа багш, эцэг эхчүүд илэрхийлж байлаа.
Ирэх долоо хоногт тус сургуулийн долдугаар ангийн сурагчид Онцгой байдлын албаны музейг үзэж сонирхох юм байна.