ХӨСҮТ-ийн тандалт судалгааны хүрээнд УОК-ын шуурхай штабаас өчигдөр орой ажиллагаа явуулж, 85 иргэнийг Улаанбаатар зочид буудалд тусгаарласан гэдгийг Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр хэллээ.
Үргэлжлүүлэн тэрбээр “Өчигдөр тусгаарлан ажиглах байруудаас 89 иргэн гарч, гэрийн ажиглалтад шилжсэн. Иргэдийг гэрийн ажиглалтын дүрэм баримтлах талаар гарын үсэг зуруулж байгаа бөгөөд нутгийн захиргааны байгууллагууд мөн хяналт тавина.
Өнөөдөр 167 хүний шинжилгээний дүнг үндэслээд гэрийн ажиглалтад шилжүүлнэ. Гэрийн ажиглалтад шилжсэн хүмүүст дэглэмийг чанд сахихыг анхааруулж байна” гэлээ.
Халдвартай нь батлагдсан иргэдийн хавьтлуудыг тусгаарлах ажлын хүрээнд арваннэгдүгээр сарын 13-наас хойш 664 хавьтлыг тусгаарлажээ. Үүнээс 529 нь Улаанбаатарт, 135 нь орон нутагт тусгаарлагдсан байна.
Тусгаарлах байруудад онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын 300 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа ажээ.