Нийслэлийн долоон дүүрэг, 21 аймагт амьдарч байгаа 6-35 хүртэлх насны хүмүүсийн дунд улаанбурханы дархлал тогтоцын түвшингийн судалгааг явуулахаар болжээ.
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АНУ-ын өвчний хяналтын төв, Үндэсний статистикийн хороо хамтран дээрх судалгааг явуулах 6030 өрхийн 4000 хүнийг хамруулах юм байна.
Дээрх байгууллагуудын төлөөлөл бүхий 120 баг 10, 11-р сард бэлтгэл ажлаа хангаж улмаар судалгааг эхлэнэ.
Өнгөрсөн онд улаанбурхан өвчний дэгдэлт гарч улмаар 18-30 насны иргэдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулсан. Тэгвэл энэ удаагийн судалгаагаар энэ өвчний эсрэг дархлаа ямар байна дараагийн вакциныг хэзээ, ямар насныханд хийх вэ гэдгийг тогтоох ач холбогдолтой гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны судлаач В.Байгаль хэлж байна.
Дээрх судалгааны санхүүжилтийг ДЭМБ-аас гаргана. Судалгаагаар дараагийн дархлаажуулалтын тов болон насыг тогтоох тул иргэдийг судалгаанд идэвхтэй оролцохыг мэргэжлийн байгууллагуудаас хүслээ.