Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас http://my.tog.mn цахим үйлчилгээгээ олон нийтэд сурталчлах, ашиглагчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 10 сая төгрөгийн шагналын сан бүхий урамшуулалт аяныг зургадугаар сарын 20-оос есдүгээр сарын 20-ны өдрүүдэд хэрэглэгчдийнхээ дунд зохион явуулсан билээ. Урамшууллын аянд оролцсон цахим үйлчилгээнд бүртгэлтэй хэрэглэгчид нь өөрийн танилуудаа энэхүү үйлчилгээг ашиглахыг урьж, оноо цуглуулсан ба оноондоо тохирсон мөнгөн урамшууллыг аянд хамрах саруудад хүлээн авч байсан юм.
Аянд 1310 хэрэглэгч оролцож 27875 танилдаа урилга илгээсэн. Энэ хугацаанд шинээр бүртгүүлсэн 20775 хэрэглэгчийн 13450 нь танилынхаа урилгаар, үлдсэн хувь нь өөрийн хүслээр цахим үйлчилгээнд нэгджээ. Аянд оролцсон хэрэглэгчдээс 37 нь урамшуулал авах болзлыг хангасан бөгөөд УБЦТС ТӨХК-аас нийт 7190000 төгрөгийн урамшууллыг эдгээр хэрэглэгчдийн http://my.tog.mn-д бүртгүүлсэн дансанд нь шилжүүллээ.
Цахилгаан эрчим хүчтэй холбоотой үйлчилгээг байгаа газраасаа шуурхай авах боломжтой, Эрчим хүчний салбарын 2014 оны шилдэг оюуны бүтээл, Мэдээллийн техонологийн 2015 оны хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн үйлчилгээ http://my.tog.mn-ийг ашиглагч хэрэглэгчийн тоо өнөөдөр 70 мянга даваад байна.
УБЦТС ТӨХК нь цахим хэрэглэгчдээ нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй үргэлжлүүлж, Мобиком корпорацийн Candy төсөлтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна.