Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/652 дугаар захирамжаар \”Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг зохион байгуулах талаар нийслэлийн нийтийн Биеийн тамир, спортын хорооноос мэдээлэл хийлээ. Өдөрлөг 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10:00-17:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм байна.
Өдөрлөгт нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод, спортын холбоод, чийрэгжүүлэх бялдаржуулах төв, клубүүд, олон улсын сайн дурын Америк, Англи багш нарын холбоо, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Оюутны шигшээ баг, дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг фитнесийн болон спортын клубүүд, Нийслэлийн Иргэдийн спортын V наадамд оролцогч иргэд, Нийслэлийн ЕБС-ийн сурагчид, нийслэлийн ахмадууд зэрэг 70 гаруй байгууллагын төлөөлөл 2000 гаруй хүн оролцоно. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Нийслэлийн Нийтийн Биеийн тамир, спортын хороо, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, \”Их талын дуулиан” ТББ, фитнесийн болон спортын клубүүдийн удирдлагууд, төлөөлөгчид оролцоно. Өдөрлөгийн үеэр Монгол Улсынхаа нэр хүндийг \”Рио-2016\” зуны XXXI олимпийн тэнгэрт өргөж, төрийнхөө далбааг тив, дэлхий, олимпийн дэвжээнд мандуулсан, амжилт гаргасан тамирчдыг нийслэлийн шагналаар шагнах юм.
Уран сайхны гимнастик, спортын гимнастик, спорт бүжгийн баг тамирчид үзүүлэх тоглолтуудаа иргэдэд үзүүлж сонирхууллахаас гадна иргэдийн дунд хөл бөмбөг, сагсан бөмбөг, олс таталт, софт теннис, ширээний теннис, үндэсний шагай няслах, шүүрэх, морь уралдуулах зэрэг тэмцээн зохиохоор төлөвлөжээ.
Олон улсын сайн дурын Америк, Англи багш нарын холбооны ерөнхийлөгч Д.Мөнхсаран \”Өдөрлөгийн гол арга хэмжээ болох бүх нийтийн гүйлт 10-р сарын 8-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Гүйлтийн орлогоос олсон бүх орлогыг Улсын хэмжээний Олон улсын сургууль байгуулахад зарцуулна. Багш, оюутан, сурагчид гүйлтэд идэвхтэй оролцож, зуны англи хэлний багш, сурагч солилцоо хөтөлбөр болон зуны ярианы англи хэлний сургалтад хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой болно” гэсэн юм. Үндэсний бүх нийтийн гүйлтийг цаашид жил бүрийн намар зохиохоор төлөвлөж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.