Авлигатай тэмцэх газар 2016 оны 9 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 311 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 618 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.
Өнгөрсөн долоо хоногт 297 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 251 нь зөрчилгүй байсан бол 9-ийг нь буцааж, 37-г нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 321 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна. Ашиг сонирхлын илт зөрчилтэй гэж үзсэн урьдчилсан мэдүүлэг байсангүй.
Нийслэлийн газрын албаны орлогч даргаар томилогдохоор нэр дэвшсэн Д.Нямдаваа, Баянгол дүүргийн Газрын албаны даргаар томилогдохоор нэр дэвшсэн Г.Мөнхбаатар, Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны даргаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Алтанхундага нарын зэрэг 251 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.
Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, ангилал зэрэглэл хамаарахгүй, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон зэрэг үндэслэлээр 9 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.
Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болсон, ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 37 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.
Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Төрийн банк, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар хотын зам засвар арчлалтын газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байв.