Өнгөрсөн сард Ютагийн зэлүүд цөлд аргаль тоолж явсан нисгэгч нэгэн хачирхалтай биет илрүүлсэн нь цахим орчинд шуугиан тарьж, олон хүний анхаарлыг татсан билээ. Гэвч удалгүй тус нууцлаг металл хөшөө ор сураггүй алга болж, Румын улсын хөдөө нутагт ижил биет гарч ирсэн юм. Гэтэл хэдхэн хоногийн дараа металл хөшөө дахиад л алга болж, Калифорнын уулын орой дээр гарч ирсэн. Хүмүүс тэрхүү металл хөшөөг чухам ямар зориулалттай, юу болох, яагаад алга болж, өөр газарт гарч ирээд байгаа учрыг гайхан сонирхцгоож байгаа билээ.
Тэгвэл дээрх нууцлаг металл биет нь ОХУ-ын эрдэмтдийн квант шилжилт хийж буй туршилтын биет гэнэ. Тодруулбал, ОХУ-ын Тула дахь их сургуулийн эрдэмтнүүдийн мэдээлснээр энд тэнд тив алгасан гарч ирээд алга болж байгаа металл биетүүд нь тэдний хийж буй квант шилжилтийн туршилтын материал аж.
Түүгээр зогсохгүй Тулагийн эрдэмтэд “Квант шилжилт бол урьдчилан тааварлах аргагүй төвөгтэй зүйл. Лабораторын ажилтны гаргасан алдаанаас болж туршилтын биет АНУ, Румын улсуудад санамсаргүйгээр гарч ирсэн байна” хэмээн мэдээлжээ. Туршилтын биетийг “Объект-542” хэмээн нэрлэдэг бөгөөд өдгөө ОХУ-ын Кондукид буцаан шилжүүлэн авчирсан ч жуулчдын хөл хөдөлгөөн ихэсхээс сэргийлэн буулгаж, туршилтын талбайд хүлээлгэн өгсөн аж.
Гэвч Тулатех төслийн удирдагч Константийн Подрезовын Риа Новости агентлагт мэдээлснээр нууцлаг металл биетийн талаар дээрх байдлаар тайлбарлаж, цахим орчинд дуулиан тарьсан нь Тулатех төсөл төрийн дэмжлэг хүртэхээр болсныг тэмдэглэн баяр хөөрөө хуваалцах зорилготой хошигнол байсан гэжээ.