ЭМЯ-ны ээлжит 11:00 цагийн хэвлэлийн хурлаар өнгөрсөн 24 цагийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдварын 5 тохиолдол илэрч, нийт 893 болсон талаар мэдээллээ.
Хэвлэлийн хурлын үеэр “Алтай зочид буудалд тусгаарлагдсан хүмүүсээс халдвар илэрсэн эсэх” талаарх сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариулт өглөө.
Сэтгүүлч: “Хоёр хоногийн өмнө хорооллын эцсийн Алтай зочид буудалд тусгаарлагдаж байсан 29 хүнээс халдвар илэрсэн гэдэг талаар тухайн зочид буудалд тусгаарлагдаж байсан халдвар авсан хүмүүс нь өөрсдөө манай сайтад гомдол ирүүлсэн. Тусгаарлалтын байрны хяналт шалгалтыг яаж хийж байгаа вэ? Иргэд тусгаарлалтын байрнаас халдвар аваад байгаа юм биш үү? Нэг дор олон хүнээс халдвар илэрч байна гэдэг тусгаарлах байрны орчин нөхцөл заваан, эмч ажилчид нь шинжилгээ авахдаа нэг л хамгаалалтын хувцастай бүх хүмүүсээс шинжилгээ авдаг. Тийм болохоор эндээс халдвар авсан байх магадлалтай гэж тухайн хүмүүс үзэж байна. Тусгаарлах байрны халдвар хамгааллын дэглэмийг яаж сахиулж байна вэ?” гэж асуухад,
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
“Алтай зочид буудалд байрласан 20 хүнээс халдвар илэрсэн. Энэ зочид буудалд батлагдсан 4 тохиолдлын ойрын хавьтал хүмүүсийг тусгаарласан. Хүмүүсийг нэг нэгээр нь, гэр бүлийн хүмүүсийг гэр бүлээр нь тусгаарласан. Нийт 6 гэр бүлийн 20 хүн өвчилсөн. 14 хоног дотроо халдвар илэрч болох нууц үеийн хугацаандаа эрсдэл байна гэж ойрын хавьтлыг тусгаарладаг. Энэ буудал тусгай үүргийн онгоц авчрах үеэс эхлээд ажиглан тусгаарлах байраар сонгогдон ажиллаж байгаа. Тэнд ажиллаж байгаа хүмүүс хяналт тавихын хажуугаар мэргэжлийн байгууллагууд бас давхар хяналт тавьж байна. Манай ХӨСҮТ хүмүүсээ байрлуулах тэдэнд шинжилгээ хийх үйл ажиллагааг зохион байгуулдаг” гэлээ.