Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт, хот, суурины усан хангамж зэрэг 18 байгууллагаас бусад байгууллагын ажлыг зогсоосон. Үүнээс болж зарим аж ахуйн нэгж, байгууллага болон бизнес эрхлэгчийн ажил доголдож, орлого буурснаар Нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл үүсээд байна.
Иймээс 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд шимтгэлээ ногдуулж тайлагнасан ч хуульд заасан хугацаанд төлөөгүй ажил олгогч, даатгуулагчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.
Төсөл батлагдсанаар 10 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага 30 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас чөлөөлөгдөнө.