Засгийн газрын ээлжит хуралдаан нээлттэй үргэлжилж байна.
Хуралдаан 08:00 цагт эхэлсэн бөгөөд хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Үүний дотор улсын хэмжээнд тогтоогоод байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог сунгах эсэх асуудал багтжээ. Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр хатуу хөл хориог ирэх баасан /2020.12.11/ гараг хүртэл сунгасан билээ.
Тэгвэл Засгийн газрын гишүүдэд Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Хатуу хөл хорио тогтоосноос хойш их, дээд сургуулийн 71 оюутны байрны 11359 иргэнд хоол, хүнс хүргэж ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар 16472 оюутныг шинжилгээнд хамруулж, хотоос гаргаад байна.
Цагаан нуурын боомтын үйл ажиллагааг цагын зохицуулалтаар явуулж байна. Зөвхөн нефьт оруулах чиглэлээр ажиллаж байна. Алтанбулаг боомтыг хаасан, гэхдээ зөвхөн эм, эмнэлгийн бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлж байна.
Засгийн газраас вакцин худалдаж авах, сонгох ажлыг зохион байгуулж байна. Хүн амынхаа 20 хувьтай тэмцэх вакциныг худалдаж авахаар хөөцөлдөж байна. Эхний ээлжид вакцинд хамруулах орны тоонд Монгол Улс багтсан” хэмээн онцоллоо.