МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд шинээр ажиллахаар сонгогдсон 7 гишүүнийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлахтай холбоотойгоор МҮОНРТ-ийн ажилчид болон үйлдвэрчний эвлэлийн гишүүд яг одоо телевизийнхээ гадна гэр барьж, эсэргүүцлээ илэрхийлж буй.
Энэ үеэр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ажилчдыг саатуулсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд таржээ.
Энэ тухай албаны эх сурвалжаас тодруулахад “Даваа гарагаас Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болсон. Бүх нийтийн бэлэн байдлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоож, жагсаал цуглаан, нийтийг хамарсан арга хэмжээг хуулиар хориглодог.
Тиймээс жагсаал цуглаан, нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулсан зарим хүнийг түр саатуулсан” гэсэн тайлбар өгөв.
Зөрчлийн тухай хуулийн 5.13.2, 5.13.4-д:
Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заажээ.