Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөл дэх Японыг хариуцсан Гүйцэтгэх захирал ноён Коичи Хасэгаватайг хүлээн авч уулзлаа. Талууд Монгол, Япон Улсын стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг хэлэлцэж, энэ хүрээнд харилцаа, хамтын ажиллагаагаа хэрхэн эрчимжүүлэх талаар санал солилцов.
Энэ жил Монгол Улс, Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хамтын ажиллагаа хөгжсөний 25 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд Азийн хөгжлийн банк манай улсад нийт 1.6 тэрбум ам.долларын санхүүжилтээр боловсрол, эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг салбарт 270 гаруй зээл, буцалтгүй тусламж, техник туслалцааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд байна. Үүний бодит жишээ нь Монгол Улсын эдийн засагт тулгараад буй богино хугацааны хүндрэлийг даван туулах, төсвийн алдагдлыг нөхөхөд 150 сая ам.долларын дэмжлэг үзүүлсэн явдал юм гэдгийг Шадар сайд У.Хүрэлсүх тэмдэглэлээ.
Тэгвэл Япон Улс нь 1990 оноос хойш манай нийгэм, дэд бүтэц, хөдөө аж ахуй, санхүү зэрэг олон салбарт 1.7 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүнээс гадна Азийн хөгжлийн банкаар дамжуулж ядуурлыг бууруулах, инноваци, дэвшилтэт технологийг дэмжих зорилгоор 60 гаруй сая ам.долларын 33 төслийг хэрэгжүүлж, 5 төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.
Азийн хөгжлийн банк болон Япон Улс монголчуудын хувьд хамгийн том хоёр хандивлагч бөгөөд Монгол Улсын хөгжлийг анхнаас нь тууштай дэмжиж, туслаж ирснийг Шадар сайд У.Хүрэлсүх тэмдэглээд талархал илэрхийлэв.
Азийн хөгжлийн банк нь Ази, Номхон далайн бүс нутагт байрлаж байгаа улс орнуудын ядуурлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 67 гишүүн оронтой юм.