Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад /ӨАБНУ/ коронавирусний шинэ омог илэрсэнтэй холбогдуулан өнгөрсөн 24 цагийн хугацаанд Герман, Франц, Израил, Турк гэсэн дөрвөн улс тус улсаас шууд нислэг үйлдэхийг хоригложээ. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Африкийн иргэд болон тус улсад буй гадаадын иргэд дээрх улсууд руу тодорхойгүй хугацаагаар нисэх боломжгүй болсон байна. Өмнөд Африкт шинэ хувилбарын халдварын тархалт эрчимжиж, цар тахлын хоёр дахь давлагаа эхэлснийг тус улсын Эрүүл мэндийн сайд Звелини Мкизе 12 дугаар сарын 18-нд мэдэгдсэн юм. “Цар тахлын өнөөгийн хоёр дахь давлагаа нь коронавирусний шинэ төрлөөс үүдэлтэйг нотлох шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо бидэнд бий” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ. Түүний хэлснээр, мутант-вирус залуу хүмүүст голчлон халдварлаж байгаа аж. Шинэ хувилбарын халдварын голомт нь Зүүн Кейп мужийн Нельсон Мандела Бэй тойрог болжээ. Эндээс зүүн тийш КваЗулу-Натал муж болон тус улсын баруун нутагт орших Гарден-Рут мужид тархаж эхэлсэн байна. Өмнөд Африкт илэрсэн коронавирусний омгийг “501.V2 Variant” гэж нэрлэжээ. Уг вирусний онцлог шинж чанаруудын талаар одоогоор мэдээлэл маш бага байгаа юм. Шинэ омог үүссэн газрыг одоогоор тогтоогоогүй байгаа аж. Өнөөдрийн байдлаар Өмнөд Африкт 901 538 хүн коронавирусний халдвар авч, 24285 өвчтөн нас барсан байна. Эдгээр үзүүлэлтээр тус улс Африкийн орнуудын дунд нэгдүгээрт орж байгаа юм.