Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн нян судлалын төв лаборатори, явуулын 2 авто лаборатори болон Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 21-нд нийт 12 357 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 13 хүнд коронавирус илэрчээ.
Эдгээр тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн байна. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Эмнэлгийн ажилтан хоёр, сахиур хоёр, өвчтөн дөрөв, гэр бүлийн хавьтал таван хүнээс коронавирус илэрсэн. Ингэснээр Улаанбаатар хотод коронавирусний халдварын 219 тохиолдол болж байна” гэдгийг тодотгов. Мөн тэрбээр, өчигдрөөс хойш 113 шинэ хавьтлыг нэмж илрүүлэн тандалт судалгаанд оруулсан. БЗД-т бүртгэгдсэн 75 тохиолдлын ойрын хавьтал 1249 хүнийг илрүүлэн шинжилгээнд хамруулснаас 240 хүний давтан шинжилгээг хийсэн гэдгийг дурдсан юм.
Сүүлийн 24 цагт Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр, Архангай, Сэлэнгэ аймагт коронавирусний халдвар шинээр бүртгэгдээгүй байна.
Өнөөдрийн бабйдлаар, Монгол Улсад коронавируст халдварын тоо 1006 болж бүртгэгдэж байна. Үүнээс 541хүн эдгэрээд буй юм.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай 456 хүн эмчлүүлж байна. Тэдний нэг нь маш хүнд, 6 нь хүнд, 29 нь хүндэвтэр, 420 нь хөнгөн байгаа аж.