ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин тус улсын экс Ерөнхийлөгч болон түүний гэр бүлийн гишүүд халдашгүй дархан эрхтэй байх хуульд гарын үсэг зурлаа гэж ТАСС агентлаг мэдээллээ.
Тус хуулийн дагуу ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн албан тушаалаа өгсний дараа халдашгүй дархан эрхтэй байх юм. Үүнээс гадна экс ерөнхийлөгчид эрүүгийн болон захиргааны хариуцлага тооцох, саатуулах, баривчлах, байцаах, эрэн сурвалжлах, шалгах боломжгүй. Шинэ хуулийн зохицуулалтаар Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн эх орноосоо урвасан, хүнд гэмт хэрэг үйлдсэн гэсэн хоёр тохиолдолд түүний халдашгүй байдлын эрхийг Төрийн Думын гарган өгсөн үндэслэл дээр тулгуурлан Холбооны зөвлөл халах юм. Холбооны зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр нь дэмжвэл экс Ерөнхийлөгчийн халдашгүй байдлыг нь халах юм. Гэхдээ энэ үйл явцыг халдашгүй байдлыг халах үндэслэлийг тавьснаас хойш гурван сарын дотор дуусах шийдвэрлэхгүй бол үндэслэлийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.
Түүнчлэн халдашгүй дархан эрх нь эзэмшдэг орон сууц, ажлын байр, тээврийн хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгсэл, ачаа тээш, бичиг баримтад хамаарах юм байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бүх хүн халдашгүй дархан эрхтэй байх тухай хуулийн төслийг өнгөрсөн 11 дүгээр сард Төрийн Думд өргөн барьжээ.
Эх сурвалж: РИА Новости