ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр сэтгүүлчид “COVID-19”-ийн халдварын голомтыг тогтоож чадаж байна уу? “Ачтан Элит” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд Төв, Өвөрхангай зэрэг 2-3 аймагт очсон гэсэн мэдээлэл байна. Үүний дагуу хөл хорио тогтоож байгаа юу? Шинжилгээний хариу хэзээ гарах вэ?” гэсэн асуулт тавив. Үүнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа доорх хариуг өгөв.
Тэрээр, “Ачтан” эмнэлэгт 1 дүгээр сарын 2-3-нд халдвар гарч 4-5-нд батлагдсан. Үүнээс өмнөх хугацаанд тухайн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийг сэрэмжлүүлэх үүднээс мэдээлж, хяналтад авч шинжилсэн. Тус эмнэлэг нь хэвтэн эмчүүлж буй болон үзүүлж буй иргэдийг хүлээн авч үйлчлэхдээ түргэвчилсэн тестээр шинжилж байсан нь бас давуу талтай байсан учраас өвчтөнүүдээс одоогоор “COVID-19″-ийн халдвар илрээгүй байгаа”-г хэлэв.
12 дугаар сарын 15-нөөс хойш тус эмнэлгээр үйлчлүүлсэн ганц хоёр хүн орон нутагт очсон байсан. Тэдгээр хүнийг хяналтад хамруулж шинжилсэн. Хариу нь бүгд сөрөг гарсан гэв. Энэ бол халдвар гараад ирсэн бус, сэрэмжлүүлэх үүднээс хяналтад авч, шинжилж буй арга хэмжээ юм гэдгийг тодотгов.